Улаанбаатар хот, Монгол Улс, 2021 оны 6 дугаар сарын 17— Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталлаа. Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци болон Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 5 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ногоон бондын зарчимд нийцүүлэн ногоон бонд гаргах, түүний бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулахад дэмжлэг үзүүлж ажиллаа. Уг харилцаатай холбоотой зохицуулалтыг шинээр баталсан "Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д тусгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж, хамтран ажилласан байна. Энэхүү зохицуулалт бий болсон нь Монгол Улсад байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх дотоодын ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх алхам болж байгаа юм.
Хэдийгээр олон улсын хэмжээнд ногоон бонд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөнөөр ашиглагдаж байгаа боловч Монгол Улсын хувьд одоогоор ногоон бонд гаргасан тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ. Хэдий тийм боловч ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ маш их байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийн хэрэгцээ байна гэсэн судалгаа гарсан байна.
"Монгол Улсын Засгийн газраас ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүд гаргасан байдаг. Энэхүү журам батлагдсанаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм" гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн байна. "Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогчдыг оролцуулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ногоон бонд гаргахад тавигдах шаардлагыг тодорхой болгон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байна" гэжээ.
Өнгөрсөн 12 дугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлэн тодорхойлсон билээ. Энэхүү шинэ үүрэг амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тухай холбогдох судалгаануудад дурдсан байна.
"Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд таатай боломжийг бий болгож байдаг" хэмээн Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Камар Салем хэлжээ. Мөн тэрээр "энэхүү боломжийг ашиглаж ногоон бонд гаргах эсвэл ногоон бондод хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд олон байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад байгаль орчинд илүү ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал багатай хүрээлэн буй орчныг бүрдүүлэхэд туслах болно" гэсэн байна.
Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүрснээс хамаарах хамаарал, эрчим хүчний хэмнэлт бага байгаа байдал зэргээс шалтгаалан нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт нь ижил төстэй эдийн засагтай бусад орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байдаг байна. Ногоон бонд гарган хөрөнгө оруулалт татсанаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, мөн эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой болох юм.
Олон улсын санхүүгийн корпораци нь дэлхийн хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжигч хамгийн том санхүүжүүлэгч байгууллагуудын нэг билээ. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэлээр хувийн хэвшлийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци нь Олон улсын ногоон бондын хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 2020 оны 6 дугаар сарын байдлаар Олон улсын санхүүгийн корпораци нь 20 төрлийн гадаад валютаар нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын 157 удаагийн ногоон бондыг зах зээл дээр амжилттай гарган ажилласан байна.
ОУСК-ийн тухай
Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнууд дахь хувийн хэвшлийг дэмжих зорилготой дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхий даяар нийтдээ 2000 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэг, нөөц бололцоогоо ядуурлыг бууруулах, баялгийн тэгш хуваарилалтыг дэмжихийг гол зорилгоо болгодог. 2020 оны санхүүгийн жилд манай байгууллагаас хувиийн хэвшилд оруулсан нийт хөрөнгө оруулалт 22 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд бид хувийн хэвшлийн хүчин чадал, бололцоонд тулгуурлан ажлын байр бий болгох, хөгжлийн тулгамдсан бэрхшээлүүдийг даван туулахад анхаарч ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifc.org –с авна уу.
ОУСК-ийн үйл ажиллагааны талаар байнгын мэдээллийг дараах сувгуудаар аваарай
www.ifc.org/eastasia
www.twitter.com/IFC_EAP
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com/ifc_org
www.facebook.com/IFCeap
www.facebook.com/IFCwbg
Санхүүгийн зохицуулах хорооны тухай
www.frc.mn
www.twitter.com/FRC_of_Mongolia
www.facebook.com/FRC.of.Mongolia
https://www.sankhuugiinbolovsrol.mn/
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Нийтэлсэн Ч.Мөнх-Од
2021.08.30